Wednesday, October 21, 2009

Wednesday, October 14, 2009

Онч мэргэн үгс

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх юм уу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
М. Гёте

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
Марк Твен


Бидний бодол санаа амьралыг хэрхэн төсөөлж байна, сайн, муу, баяр гутранги, ялан давамгайлсан эсвэл дуулгавартай юу гэдгээс л хамаардаг.
Марк Аврелий
Эрдэм чадлыг хичээн эс сурваас хэрэглэх цаг дор гэмшмүй
Эрүүл биеэ хичээн эс сувилбаас өвдсөн цаг дор гэмшмүй
В. Инжинаш
Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй. Харин хийж чаддаггүй зүйлсээ хийж байж та өснө.
Роналд Э. Осборн
Дундаж хүн цагийг хэрхэн өнгөрөөхөө л бодож явдаг бол авьяастай хүн түүнийг ашиглахыг чармайдаг.
Шопенхуар
Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь л нөхөр
Томас Фюллер
Гай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш,
Лай болдог хар санаатнаас хол яв.
Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо,
Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт.
Омар Хайяам

Компьютерийн хөгжлийн түүхэн үе шатууд

Тэртээ 2,5 сая жилийн тэртээ хүн төрөлхтөн оюун ухаанаараа адгуус амьтадаас ялгаран “Модны мөчир дээрээс бууж ертөнцийг танин мэдэхүйн эрэлд гарсан” – аас хойш хүний хөгжлийн түүхэнд маш олон ахиц дэвшил гарч байсан ба тэдгээрийн дотроос хүн төрөлхтөн байгаль дэлхийг танин мэдэхүйн үүднээс математик, физик, хими гэх мэт байгалийн шинжлэх ухаануудыг судлах болсон нь хүн төрөлхтний хувьд оюуны асар том эргэлт болж чадсан билээ.

Хэдий хүн төрөлхтний оюун ухааны хөгжил хүн анх үүсч байсан үетэй харьцуулахад асар өндөр түвшинд хүрсэн хэдий ч дээрхи шинжлэх ухаануудын томоохон, нарийн ширийн тооцоололуудыг хүн өөрийн оюун биеэр хийхэд алдаа гаргах магадлал их, удаан бодох, "залхуурах" гэх мэт хандлагууд ихээр ажиглагдах учир тэр их нүсэр тооцооллуудыг техникийн тусламжтай шийдэх гарцыг хайж эхэлсэн байна.

Компьютерийн үүсэл нь МЭӨ 2200 онд зохиогдсон нэмэх, хасах үйлдлийг хийдэг гүйцэтгэдэх механик тооцоолох Abacus төхөөрөмжөөс эхлэлтэй хэмээн үздэг. Энэ төхөөрөмжийн ажиллах боломж нь хязгаарлагдмал байсан учир эрдэмтэд түүнийг сайжруулах оролдлого хийсээр ирсэн байна. Эдгээр оролдлогын үр дүнд Шотландын математикч Жон Напьер(1555-1617) зааны ясаар тооцоолох төхөөрөмж зохиосон ба тэр төхөөрөмжийг "Напьерийн шоо" хэмээн нэрлэх болсон юм. Энэ төхөөрөмжийг логарифмийн хүснэгтийг гаргахад ашигладаг байсан ба үржүүлэх, хуваах үйлдлийг хялбархан хийж боломжтой байсан гэдэг. Энэ төхөөрөмж дээр үндэслэн Вильгелм Шеккард(1592-1635) “Напьерийн шоо”-н дээр үндэслэн “Тооцоолох цаг” нэртэй эргэдэг цлиндр гадаргуу зохиож түүний тусламжтай логарифмийг тоо болгох үйлдлийг нэмж хийсэн ажээ.

Тооцоолох төхөөрөмжүүдийн хөгжилд гарч байсан ахиц дэвшлүүд дотор эдгээр төхөөрөмжийг програмчлах санааг анх Лорд Байроны охин математикч Аугуста Ада(1815-1853) гаргасан бөгөөд тооны машиныг ажиллуулах загварыг өгсөн програм хийхийг санал болгож байжээ. Сонирхуулахад хожим нь түүний нэрээр нэрлэгдсэн ADA хэмээх прорамчлалын хэл зохиогдсон байдаг.

Харин орчин үеийн электрон комьпютерийн хөгжлийг ерөнхийд нь 5 үе шатад хувааж авч үздэг ба 1939 онд Айво мужийн дээд сургуулийн математикийн профессор Жон Атанов ба түүний туслах Клиффорд Берри нар хамтран вакуум дэнгүүдийг логик сүлжээ ашиглаж хийсэн эхний электрон компьютерийн загварыг бүтээсэн нь хамгийн эхний электрон тоон компьютер болсон байна. Эхний үеийн (1942 оноос 1959 он хүртэл) комьпютерүүд нь машины хэл дээр програмчлагдаж байсан ба үйлдвэрлэл вакуум дэнгүүдийг ашиглаж байсан нь болхи, хэт халдаг гэх мэт сул талууд ихтэй байсан тул алдаатай үйлдэл ихээр гаргадаг байжээ.

Бидний өдөр тутмын амьдралын хэрэглээний тоног төхөөрөмжийн үндэс болсон транзисторыг одоогоос жар гаран жилийн өмнө буюу 1947 онд Bell Labs-ийн ажилтнууд болох Жон Бардин, Уолтер Браттайн, Вильям Шокли нар бүтээснээр технологийн хөгжлийг шинэ түвшинд гаргасан юм. Энэ гурван хүнд 1956 онд Физикийн салбарын Нобелийн шагналыг олгосон байдаг. Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг боловч түүнд ямар нэгэн хөдөлгөөн байхгүй учиг компьютерийн овор хэмжээ багасч, нэг үйлдлийг микро секундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах гэх боломжууд нэмэгджээ. Эхний транзисторт компьютеийг 1954 онд Bell Labs-д 800 транзистор хэрэглэсэн TRADIC компьютерийг бүтээснээр компьютерийн хөгжлийн шинэ үеийг авчирсан юм. Энэ технологи гарснаар компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдан, найдвартай, халалт багатай, овор хэмжээ багатайгаар компьютерийг үйлдвэрлэх
болжээ. Харин програмчлал нь машины хэл болон Симболик хэл дээр бичигдэж байсан байна.

1965 оноос 1970 он хүртэл компьютерүүд жижиг хэсгүүд бүхий интетграл хэлхээнээс бүтэх болсон ба энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох болсон. Хадгалах боломж нь олон сая тэмдэгтүүд хадгалах боломжтой болсон, процессорын хурд нано секундээр хэмжигдах болсон, програмын хэд хэдэн инструкцуудын зэрэг гүйцэтгэх болсон гэх мэт боломжууд нэмэгдсэн. Энэ үед програмчид өндөр түвшиний хэлүүд дээр объект хандалтат програмчлал дээр ажиллах болжээ.


1970 оноос хойш гарсан томоохон дэвшил бол бие даасан хадгалах төхөөрөмж гаргасан явдал ба энэ нь цахиураар бүрхэгдсэн төхөөрөмж байв. Мөн лазер санах ойг НАСА-д бүтээсэн байна. Ингэснээр лазер санах ой нь 50 тэрбум гаруй тэмдэгтийг хадгалах болсон. Энэ үед Buroughs, IBM-ийхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн комьпютерүүддээ виртуал хадгалах зарчмыг танилцуулжээ. Энэ үед CD, CDROM гарсан байна. Мөн 1000 хуудас бүхий текст багтаах боломжтой болсноор компьютерийн програм хангамжийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр болсон байна.

Харин өнөө үеийн компьютерүүд нь техникийн тал дээр улам бүр хэмжээ нь багасч, хүчин чадал нь өмнөх үетэй харьцуулахад асар хурдацтай өсч байгаа байгаа билээ. Java, Microsoft .NET гэх мэт програмчлах хүчирхэг технологууд гарсанаар програм хангамжийг хурдан шуурхай, хямд зардлаар бүтээх боломжтой болж байгаа билээ. Хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутнууд бидэнд шинээр гарч буй технологийг эзэмших хүсэл эрмэлзэлтэй, эзэмших чадвартай болж өөрсдийгөө төлөвшүүлэх шаардлага өндрөөр тавигдах болсон учир шилдэг мэргэжилтнүүд болох эсэх нь гагцхүү бидний сэтгэл, хичээл зүтгэлээс л хамаарах буй за.

Бермудын гурвалжин буюу чөтгөрийн гурвалжин

Атлантын далайн баруун хэсэг, АНУ-н зүүн өмнөд эрэгт хэлбэр дүрсээрээ барагцаагаар гурвалжинг санагдуулам раойн байдаг. Түүний талууд нь Бермудын арлуудын хойхно хэсгээс Флоридагийн урд тал руу сунасан, дараа нь Багамын арлуудаар дайран Пуэрто-Рикод хүрээд , дахин хойшоо эргэн ойролцоогоор баруун өргөрөгийн 40 градус орчимоор буцаж Бермудад ирдэг.

Энэ газар бол дэлхий дээрхи хамгийн гайхалтай, нууцлагдмал бас аймшигт газар билээ. Бермудын гурвалжин гэж нэрлэгддэг энэ газарт 100 гаруй нисэх онгоц, усан онгоц, ор сураггүй болж 1000 гаруй хүний ар гэр тэднийгээ хүлээсээр л байна......





Мэдээж жил бүр л уг гурвалжин дээгүүр олон онгоц нисч, хөвдөг ч амьд мэнд, бүрэн бүтэн байгаа хүн зөндөө л байна. Үүний дээр дэлхий дээрхи далай тэнгисээр маш олон янзын шалтгаанаар олон тооны онгоцууд сүйрдэг. /Сүйрэх болон ор сураггүй болохыг ялгаж ойлгох хэрэгтэй. Сүйрсэн онгоцноос ямар нэгэн ул мөр далай тэнгисийн гадаргуу дээр үлддэг. Цогцос ч юм уу эсвэл ямар нэгэн эд зүйл хөвдөг, харин ор сураггүй болох нь юу ч үлддэггүй юм./ Гэхдээ ийм тайлбарлашгүй, ор сураггүй алга болох тохиолдол дэлхий дээр энэ газраас өөр хаана ч байдаггүй байна.

Энэхүү газарт ор сураггүй бологсодын тухай маш ологн олон таамгийг хүмүүс дэвшүүлдэг байна. Жишээ нь “агаарын орчны гажилт”, “огторгуйн нүх”, “үл таних хүчний үйлчлэл”, “таталцлын цооног”, “амьд биетүүд онгоцнуудыг эзлэн авах” гэх мэт төрөл бүрийн таамгийг дэвшүүлдэг ч аль нь ч батлагдаагүй.

Бермудын гурвалжингийн бас нэгэн онцлог бол Багамын арлуудын гүехэн устай хэсгээр нилээд тархан байрласан “цэнхэр хөх” хэмээх агуйнууд байдаг. Тэдгээр нь шохойн чулуун агуй бөгөөд тасархай хэсэгт нь ёроолгүй харанхуй ангал байдаг. Хэдэн мянган жилийн өмнө бөөгнөрөн өсөх замаар нэмэгдсэн хуурай газар дээрхи агуй байсан бөгөөд 12-15 мянган жилийн өмнөх ээлжит мөсөн үеийн дараа тэнгисийн түвшин нэмэгдэж улмаар уг агуйнууд загасны амьдрах орчин болсон.

Ерөнхийдөө судлаачид гурван үндсэн онол дээр ор сураггүй бологсодыг дүгнэж байгаа ч гэсэн аль нь ч Бермудын гурвалжингийн энэхүү нууцлаг оньсгыг тайлж чадахгүй байна.
Цунами болоод Торнадо салхи
Гулгаа хэмээх хүчит давалгаа
Цахилгаан соронзон орны үйлчлэл

гэвч ийм зүйл болжээ гэх ямар ч баримт байхгүй учраас тэд одоо ч тайлбарлаж чаддаггүй ээ.



Бермудын гурвалжин болоод бусад далай тэнгисийн сэжигтэй газруудыг илүү дорвитой судалсан хүн бол Айвен Андерсон. Түүний дэвшүүлсэн шуугиан тарьсан мэдэгдэл бол “Дэлхий дээрхи арван хоёр чөтгөрийн хөндий” байлаа. Өөрөөр хэлбэл Бермудын гурвалжинтай ямар нэгэн талаараа төстэй газар өшөө 12 байгаа гэсэн үг. Аймшигтай юм. Бермудын гурвалжингаас бусад нь бүгд Ромбо хэлбэртэйг тэр судалгаандаа дурджээ. Мөн тэдгээр чөтгөрийн хөндийнүүд нь Экватороос хойшоо болон урагшаа 30 ба 40-р өргөрөгийнг хооронд байрладаг ба уртрагийн 72 градус дээр байрладаг. Өөр хоорондоо өргөрөгийн 66 градусын зайтай байрлах эдгээр хачин жигтэй хөндийнүүд нь Экваторын хойно тав, өмнө талд нь тав байж хоёр туйлыг оруулан тэд дэлхийг тойрсон хэлхээ сүлжээг бүрдээлж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь эдгээр хөндийнүүд ихэнхи нь эх газрын зүүн өмнөд хэсэгт хойд зүгийн дулаан ба өмнөд зүгийн хүйтэн урсгалын мөргөлдөх уулзвар дээр оршиж байгаа юм. Эдгээр районууд нь гүний болон гадаргуугийн түрлэгийн урсаглын чиглэлл өөр газарт тохирч байна.

Бермудын гурвалжингаас бусад дээрхи 12 газарт цахилгаан соронзон орны үйлчлэл нөлөөлдөг гэсэн судалгаа байгаа ч харин Бермудын гурвалжин л тайлагдашгүй нууц хэвээрээ байна.

Чингисийн үр сад

Бид хөлтэй нийслэлд Ленинээ залдаг. Хөдөө арал руу Чингисээ цөлдөг. Бид Сүх жанжнаа Наран улс руу гараа сунгасныг нар луу гараа сунгасан гэж далан жил эндүүрсэн. Нацагдорждоо хөнгөрөх боловсон "ВС" талбай дэрлүүлж барьж өгсөн. Бид баавгайн амнаас барын аманд орсон. Эх орон бидэнд элгээ шаахад хэрэг болдог. Элгээ шаасаар бид элгээрээ явцгаадаг. Бид хулгайчдаа нэгдор хорьсноо шорон, худалчдаа нэг дор хашсанаа парламент, хуульчдаа нэг сүлдэнд нэгтгэснээ авилгалчид хэмээмүү. Бид ухаарах гэж ийнхүү хадуурна. Уярах гэж бүр галзуурна. Унтахдаа зүүдэлснээ мөрийн хөтөлбөр гэж тунхагладаг. Уйдахдаа дугуйлснаа манай нам яллаа гэж хөөрдөг. Ар шандын усыг Архангайн айргаас илүүд үзнэ. Алтаар өөрийгөө зорж, мөнгөөр өөрийгөө бүрэх бодолтой. Ардын банкаа идчихээд Азийн банкийг сонирхож байгаа. Азийн банкийг идчихвэл Америкийн банк гэж цаана нь бас байгаа. Бид унтах гэж театрт ордог. Уух гэж оршуулгад очдог. Бид шар сониноор "шар сэмжлэх"-ээ заалгасан. Шагийн архиар шараа тайлж наалгасан. "Ар хөвч"-ийг хадаахад "Ар хөвч"-гүй Өлгийнхөн маньд атаархнам зэ! Манайд тагнуулын төв газрын морь айрагдаж, тахир дутуугийн групптэн начин болдог. Түрүү айраг авсан хүлгээ дор нь зарчихаад, түрийвчтэй гурван саяараа гудамжны сэвгэр авч унах бол энүүхэнд. Бид гадаадын хогоор дотоодоо дүүргэснээ зах зээл, Гандангийн хонхны дууг Цогтсайханы "Хонхны дуу"-тай эндүүрснээ ардчилал гэнэм. Бид далан давхар санааг ухах байтугай дан ил юмнаас сэрнэ гэж үгүй. Урд нь хонио хойш гаргадаг. Улаан-Үдийн мах комбинатын даргыг Волков гэдэг байв даа. Өдгөө ноосоо өмнөт рүү гаргадаг. Өвөрлөгчийн компанийн захирлыг Ноост гэдэг болж. Бид гаднаас хагалснаа дотроо нуудаг. Дотроосоо хагалснаа гаднаас нь наадаг. Манай оюутнууд Япон хэлийг Буриад хэл шиг дор нь сурах мөртлөө Явуухуланг бугын чив зардаг хулгайн анчин гэж итгэдэг. Ванган Чимид хоёрыг скаутууд Вандан Дуламсүрэн шиг эхнэр нөхөр гэж боддог. Манай бакалавр, магиструуд Инжинаашийг Ринчентэй, Рембрандтыг Риббентроптой, Шварднадзег Шимпанзетэй, Сара Бернарыг Сембернартай эндүүрдэг. (Үүнийг би хэлээгүй юм шүү) Сонгуулийн хайрцаг руу саналаа нууцаар шургуулах шиг халаалтын цооног руу хамаг архичдаа нуухыг яана аа. Тиймээс манай боссууд дээш цойлсон арван таван өрөөнд, манай ядуус доош цоолсон арван таван километр өргөөнд залардаг. Англиар бид "ноу проблем" гэж хэлж сурцгаасан ч албан газраа олохгүй гудамжинд төөрцгөөдөг. Америкийн зэрлэг киног урлаг гэж унацгаадаг. Ах дүү Жоныг аврагч гэж сунацгаадаг. Бид Гегелийг Гогольтой, Фрейдийг Хүнс Трейдтэй, Марксыг Макс Импексийн захиралтай эндүүрнэм. Бид толгойтой гэдгээ толгойн эм ууж байж мэддэг. Олгойтой гэдгээ харин хэнээр ч заалгахгүй. Том дээл эсгүүлж, тоногтой бүсээрээ зодолдоцгоодог. Яагаад гэвэл бид Чингисийн үр сад аа!
С.Ганбаатар

Линукс Үүсэл гарвал

Линукс нь Юниксийн холбоонд анх хөгжүүлэгджээ. Юникс үйлдлийн системийн судалгааны материал нь анх 1973 онд [Ritchie and Thompson 1973] олон нийтэд гарч танигджээ. Ингэснээр үйлдлийн системийн хөгжлийн 2 шинэ хандлагыг бий болгосон юм. Өмнөх үйлдлийн системүүд нь бүх зүйлийг агуулсан нэг том пакеж хэлбэртэйгээр тухайн нэг компьютерийн архитектурт зориулан хийгддэг байв. Үүний эсрэгээр Юникс үйлдлийн систем нь Жижигхэн хэмжээтэй байхыг илүүд үзэж бүхий л компьютерийн архитектур дээр ажиллахыг гол зорилгоо болгов. Аль болох цөөн чухал функцээр хэрэглэгч программыг хангаж, харин нэмэлт функцүүдийг хэрэглэгч өөрийнхөө шаардлагаас хамааран нэмэх боломжтой болсон. Энэхүү философийн улмаас Юникс үйлдлийн систем нь тухайн үедээ хувьсгал дэгдээж хэдхэн жилийн дотор программист, хэрэглэгчдийн дуртай үйлдлийн систем болон хувирсан юм. Хэдийгээр Юниксийн цөм нь аль ч шинэ платформ луу дахин хөгжүүлэх шаардлагагүйгээр хөрвөдөг байсан хэдий ч эх код нь AT&T Bell лабораторийн өмч юм. Бусад байгууллагууд эх кодыг хуулан авч ашиглаж болох байсан боловч энэ тохиолдолд лицензийг нь худалдан авах шаардлагатай. 1980 оны үед маш олон их дээд сургуулиуд, судалгааны лабораториуд Юниксийн цөмийг худалдан авч өөрсдийнхөө судалгаанд ашиглан эх кодуудыг нь өөрчилсөн. Тэдгээрээс хамгийн амжилттай ажиллаж байсан нь Калифорнигийн Берклигийн их сургууль байв. Мөн компьютерийн үйлдвэрлэгч нар ч гэсэн Юниксийн шинэ хувилбарыг гаргахын тулд ажиллацгааж байжээ.
1985 оны үед Юниксийн үндсэн хоёр хувилбар болох AT&T лабораториос гаргасан System V Unix, Берклигийн их сургуулиас гаргасан BSD Unix байв. BSD Юникс нь голлон DECVAX платформ зориулагдаж гаргасан учраас дөрөвдэх хувилбарын Юникс эсвэл version 4.X BSD Юникс хэмээн нэрлэгджээ. Энэхүү хоёр хувилбар нь Юниксийн өөрийнх нь үндсэн интерфэйсээр хэрэглээний программ хангамжуудыг хангадаг байсан боловч зарим нарийн ширийн зүйлүүд нь өөр байв. Эдгээр хоёр хувилбарын хоорондох өрсөлдөөн их идэвхтэй байсан учраас программистууд аль нэгийг нь л сонгож байлаа. 1988 онд Sun корпораци энэхүү хоёр үйлдлийн системтэй амжилттай гэрээ хийж чадсан учраас тэр хоёрыг нэгтгэн өөрсдийн шинэ үйлдлийн систем болох “Solaris OS”-ийг гаргажээ. Тухайн үед бусад компьютерийн үйлдвэрлэгчид ч гэсэн өөрсдийн Юниксийн хувилбар гаргаж байсан нь хэрэглэгчдийг хүндрүүлж байсан учир нэгдсэн тохиролцоонд хүрч 1989 онд POSIX-1 хэмээх өөрсдийн үйлдлийн системийнхээ API /стандартчилагдсан функцүүд/-г гаргасан байна. POSIX стандартыг гаргаснаар дуртай хүн болгон энэхүү стандартыг хангасан үйлдлийн систем хийх эрхтэй болсон байна. Жишээ нь: Carnegie Mellon их сургуулийн судлаач болох Richard Rashid-аар удирдуулсан баг уг интерфэйсийг хэрэгжүүлснээр одоогийн алдарт Макинтош үйлдлийг системийг гаргажээ. Анхандаа Макинтош нь Юниксийн аль ч хувилбараас цөмийнхөө ажиллагаагаар ялгардаг байсан боловч дараа дараагийн хувилбарууд нь POSIX стандартад нийцэхийн тулд BSD Unix-ээс нэлээн хэмжээний кодыг өөртөө авчээ.
Өөр нэгэн гайхамшигтай зүйл гарсан нь 1987 онд Andrew Tanenbaum /Ph.D/ Unix үйлдлийн системийг дахин шинэчилж MINIX хэмээх үйлдлийн системийг гаргажээ. MINIX гэдэг нь Mini-Unix гэсэн үг бөгөөд маш жижигхэн хэмжээтэй энгийн Гуру /GURU – Агуйд олон жил бясалгал хийж төгс гэгээрсэн лам. Бид нарынхаар бол төгс гэгээрсэн хакер/ биш нөхдүүд ч энийг яаж ажилладгийг ойлгох боломжтой [Tanenbaum, 1987]. MINIX нь AT&T Белл лаборатороос гаргасан долоодох хувилбарын Юниксийн интерфэйсийг хэрэгжүүлжээ. Энэхүү долоодох хувилбар гэдэг нь BSD ба System V үйлдлийн системүүдийн API-г нэгтгэсэн байдаг /2 API функцүүдийн олонлогийн огтлолцол аль аль олонлогоос бага байна/. Tanenbaum үйлдлийн системийн талаар бичсэн номныхоо нэмэлт материал болгож MINIX-ийг зохиосон бөгөөд үүнийхээ ажиллагааны тухай номондоо дэлгэрэнгүй бичжээ /Operating System Design and Implementation by Andrew Tanenbaum, одоогоор гурав хүртэлх хувилбар нь гарсан/. Тэрээр MINIX-ийн тухай тэмдэглэхдээ “... Юникс анх гарснаас арваад жилийн дараа илүү модульчлагдсан байдлаар бичигдлээ” гэжээ. MINIX нь суралцаж байгаа хүмүүст их амжилттай байсан боловч түүнийг энгийн байлгах зорилготой холбоотойгоор хэсэг хугацааны дараа зарим нэмэлт онцлогуудыг нь хассан юм.
1991 онд Линус Торвалдс Linux үйлдлийн системийнхээ анхны хувилбарыг гаргахаар ажиллаж байлаа. MINIX хэдийгээр амжилт олж байсан хэдий ч Торвалдс үйлдлийн системээ бүр хүчирхэг, минигээс ч илүү хэрэглээтэй байлгахыг зорьсон юм. Торвалдс өөрийн бичсэн үйлдлийн системийнхээ эх кодыг бусдад үнэ төлбөргүй тарааснаар тун удахгүй POSIX стандартыг хангасан юм. Өөрөөр хэлбэл Линукс нь Юниксийн нээлттэй эх кодтой хувилбар нь болж хөгжсөн юм. Тун удалгүй дэлхийн өнцөг булан бүрээс хөгжүүлэгч нар Торвалдсд хэрхэн улам бүр сайжруулах талаар зөвлөгөө өгч эхэлсэн. Орчин үед Линукс нь зөвхөн үйлдлийн систем бус түүнийхээ зэрэгцээ маш олон багаж хөгжүүлэлтийн хэрэгслийг дагуулж иржээ. Мөн Линукс нь зөвхөн 386 буюу х86 процессоруудад бус бусад платформууд болох Digital Alpha, Sun Sparc, Motorola 68K, MIPS, PowerPC-нд ч хүртэл зориулагдсан. Мөн бидний өдөр тутмын хэрэглэдэг утаснуудын ихэнх нь Линуксын кэрнелийг ашигладаг ба сүүлийн үед Windows үйлдлийн систем мобайл хувилбарууд руу хүч түрэн орж ирж байгаа билээ.
Тухайн үеийн Юниксийн философийг дагаж Линукс нь гарч ирсэн. Тиймдээ ч Линукс бол гүйцэд үйлдлийн систем бус зөвхөн цөм /кернел – kernel – Алтангэрэлийн орчуулганд самрын чөмөг гэсэн байдаг/ юм. Юниксийн философи нь эхэндээ “жижиг хэмжээтэй байх нь гайхамшиг” гэдэг байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам түүнд шинээр функцүүд нэмэгдэн орж ирснээр өнөөдөр анхны философоосоо хазайж жижгээ гэж дуудуулахааргүй болжээ. Хэдийгээр Линукс нь 1991 онд өөрийн жижиг байдал, POSIX стандартыг хангаснаараа оновчтой байсан ч, хэн ч түүний цөмийг аваад шинэ боломж чадваруудыг нэмэх боломжтой учраас түүний цөмийнх нь хэмжээ улам бүр нэмэгдсээр байна.
POSIX = Portal Operating System Interface Exchange – Платформоос хамаарал багатай үйлдлийн системийн нэгдсэн интерфэйс.
API = Application Programming Interface – Тухайн хэл эсвэл платформоос онцлогоос хамааран бэлтгэгдсэн системийн сангийн функцүүд

Линукс Философи

Линукс үйлдлийн системийн зорилго бол төгс үйлдлийн системийн зохион бүтээх гэсэн зорилготой байдаг гэж би хаа нэгтээгээс уншиж байсан санагдаж байна. Зарим хүмүүсийн тодорхойлсноор бол LINUX=Linux Is Not Unix гэсэн байдаг. Магадгүй энэ нь Юникс үнэ төлбөртэй түгээгддэгтэй холбоотой байж болох юм. Хэрвээ таны урд нэг нь үнэтэй нэг нь үнэгүй үйлдлийн систем байвал мэдээж үнэгүйг нь л та сонгох байх. Линукс нь анх үүсэхдээ бүх зүйлийг өөрчлөхөд боломжтой, эх кодыг тараасан бас үнэ төлбөргүй байдаг нь зарим нэг шуналтай нөхдүүдийн хүсэлд нийцдэггүй байх нь ойлгомжтой. Ялангуяа Микрософтод бол энэ нь тааламжгүй юм. Миний бодлоор Билл Гейтс анх үйлдлийн системээ зохиохдоо маркетинг сайтай учраас л амжилт олсон байх. Энгийн хүмүүст ер нь хялбархан, хэцүү ойлгомжгүй зүйлүүдээс тэднийг холхон шиг байлгаж байвал хүн болгон хэрэглээд надад мөнгө өгөх юм байна гэдэг дүгнэлт нь хүрсэн гэж бодож байна. Цаашлаад Микрософтын дотор бодол нь зүгээр программ хангамжийн хүрээнд ч бус бид нарын хэрэглэдэг веб камер, гар, хулгана, принтерт хүртэл нөлөөлсөн байдаг шүү дээ (Төхөөрөмжүүдийн ард талд нь Supported by Windows 98/NT/XP/VISTA гээд биччихсэн байдаг). Зоос 2 талтай байдагтай адилхан энэ нь ч тухайн үедээ зөв байсан байх. Линукс эх кодыг үнэгүй тарааж нээлттэй байх зарчмыг баримталдаг нь энгийн хэрэглэгчдийг программист шиг ажиллуулахад хүргэдэг. Жишээ нь файл хайх find коммандын хайлт нь текстийн хэв буюу regex (regular expression), предикат, логикийн элементүүд цаашлаад олсон файл дээрээ хийх үйлдлийг нь бичиж өгөх боломжтой гэдэг нь энгийн хэрэглэгчээс бараг муухан программистийн мэдлэг шаардахад хүргэнэ. Хэдийгээр асар их боломжийг олгож байгаа ч гэсэн түүний хажуугаар мөн хэмжээний мэдлэг шаардана. Тэгэхээр бидний урд асар их боломжийг олгож байгаа үнэгүй OS, биднээс программынхаа үйл ажиллагааг чадах чинээгээрээ нууж монополдохыг хүсч байгаа Виндовс OS байна.